Манай байгууллагын үүсэл хөгжил нь Аж Үйлдвэрийн Яамны Сайдын 1959 оны 532 тоот тушаалаар “Их хайрханы уурхайг цахилгаанаар хангах дизель станцын зураг төсөл зохиох групп“  нэртэй анх байгуулагдан Уул уурхай, Эрчим хүчний объектуудыг барьж байгуулах, шинэчлэн өргөтгөх ажлын зураг төсөл, төсөв зохиох ажлаас эхлэн өнөө үе хүртэл  эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө ажиллан 58 жилийн   түүхийг улбаалжээ.

Байгууллагын суурийг анхлан тавилцсан З.Норжидмаа, Д.Төмөрбаатар, Ө.Сүхбат, олон жил үр бүтээлтэй ажилласан Ё.Бадамсамбуу, Б.Дашнамжил, Н.Сарантуяа, Л.Мишиг, В.Рудов, Б.Далай, Д.Нүүрэй, Ц.Дорж, Л.Түмэнбаяр, З.Шагдар, Н.Бадамханд, Н.Оюунбилэг, Ж.Цэцэгмаа, М.Эрдэнэчимэг нарын хүндэт ахмадуудын түүчээг замгамжлан Р.Батцэцэг, П.Оюунгэрэл, Ш.Энхбаатар нар тасралтгүй, амжилттай ажиллаж байна. Энэ хугацаанд үе үеийн захирлаар М.Цэрэндорж, Д.Цэдэндамба, Д.Буриад, А.Базар, М.Бум-Аюуш, Д.Мягмарсүрэн, А.Амарсанаа, М.Түмэнжаргал нар томилогдон  ажиллаж ирлээ.

 Манай халуун ам бүлээс Яамны орлогч сайд асан  Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан Н.Тогоо,  Яамны сайдаар ажиллаж байсан техникийн шинжлэх ухааны доктор, профессор С.Батхуяг, төрийн шагналт Ч.Зундуйсүрэн, Ж.Бат-Очир нар болон 40 гаруй эрдэмтэн мэргэд төрөн гарсан нь бидний бахархал, үлгэр дууриалал болж байна.

Манай хамт олон монгол улсын цахилгаан дамжуулах шугам сүлжээний нийт зураг төслийн 70 гаруй хувийг биеэ даан гүйцэтгэсэн бөгөөд “БНМАУ-ын Түлш, Эрчим хүчний аж үйлдвэрийг түрүүлүүлэн хөгжүүлэх зорилтот цогцолбор программ”, “БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний 1990 он хүртэлх хөгжил байршлын схем”, “Хөдөө аж ахуйн цахилгаан шугам сүлжээний хангамжийн схем” зэрэг томоохон бүтээлүүд туурвиж, 120 гаруй эрдэм шинжилгээний тайлан, заавар, зөвлөмж, норм, 40 гаруй ном, шинэ бүтээл 4, 70 гаруй оновчтой санал үйлдвэрлэлд нэвтрүүлэн  архив, мэдээллийн  нэгдсэн  сантай  болжээ.

Ингэснээр эрчим хүчний салбарын хөгжлийн үндсэн чиглэл боловсруулах, шинжлэх ухаан, техник технологи зураг төсөл, төсөв зохиох бие даасан байгууллага болон хөгжиж ирсэн түүхтэй.

Бидний эрхэм зорилго нь эрчим хүчний салбарын ойрын болон хэтийн хөгжлийн судалгаа хийх, эрчим хүчний  байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, норм, норматив, стандартыг боловсронгуй болгох, эрчим хүчний хэмнэлтийн менежмент, инноваци нэвтрүүлэх замаар төрийн захиргааны Төв байгууллагын захиалга, үүрэг даалгаврыг ханган ажиллах явдал юм.

Монгол Улсын эрчим хүчний хөгжил, дэвшил, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа ажиллацгаая.

 

Хүндэтгэсэн: