Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум эхэллээ
2008 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөрийн тухайд хэлэлцэж,тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарц хайхад зорилго чиглэж байна. Наймдугаар форум өмнөх жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Стив Сауеэр, Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак нар урилгаар оролцож байна.
“Сэргээгдэх эрчим хүчний наймдугаар форум”-д Эрчим хүчний сайд П.Ганхүү мэндчилгээ илгээснийг Сайдын ахлах зөвлөх Ц.Баярбаатар танилцууллаа. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт Их хурлын гишүүн, Хатагтай ноёдоо.
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-д хүрэлцэн ирсэнд Эрчим хүчний салбарын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил болон гадна дотны компаниуд идэвхтэй оролцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа Эрчим хүчний салбарт шат ахин хөгжиж байна.
Өнөөдөр Монгол улсад Цогтцэций салхин станцын барилга байгууламжийн ажил ид өрнөж, хоёр дахь том оврын Салхин станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн оны сүүлээр Дарханы 10МВт ын Нарны цахилгаан станцыг улсын комисс хүлээн авч, Төвийн бүсийн Эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэллээ. Мөн энэ онд багтаж Сайншандын 54 МВт-ын салхин станц, Моннарангийн 10МВт-ын Нарны станцын барилга угсралтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Бүтээн байгуулалт, ялангуяа Сэргээгдэх эрчим хүчний салбарын ажил ид өрнөж байгаа энэ үед найм дахь удаагийн үндэсний форум зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Урьд урьдын хурал дээр бид төслийн төсөөлөл төдий хуралддаг байсан бол харин одоо ололт амжилт, алдаа дутагдлаа засаж, цаашид Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг зөв зохистой хөгжүүлэх бодлогын шинж чанар руу шилжиж эхэллээ. Энэ бодлогын хүрээнд бид цаашид Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлогыг улам бүр цогц болгох, хүний нөөцийн бодлогыг бий болгох, техник технологийн чанар стандартыг баталгаажуулах, мөн макро ба микро эдийн засгийн нөлөөллийг судлах цаг нь болсныг энэ хурал илтгэж байна.
Эрхэм хүндэт оролцогчид оо, эрхэм хүндэт эрчим хүчнийхэн.
2016 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой байдлаар хөгжүүлнэ”, Төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичиг баримтанд “2023 он гэхэд нийт суурилагдсан чадлын 20%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, мөн эрчим хүчний аюулгүй байдлыг шинэ эх үүсвэр байгуулж шийднэ” гэж заасныг үндэслэн ажиллаж байна. Гэвч асуудлууд байна. СЭХ –ний горим тооцоолол, диспетчерийн зохицуулалт, цаашилбал валютын ханшны зөрүү зэрэг асуудлуудыг бид шийдэхээр ажиллаж байна. Горим зохицуулалтын хувьд Усан ба Усан цэнэгт цахилгаан станцуудыг барьж байгуулах нь сэргээгдэх эрчим хүчийг 20%-д хүргэх зорилт болон мөн найдвартай ажиллагааны хувьд амин чухал асуудал болоод байна. Диспетчерийн хувьд нар, салхины эх үүсвэрүүдийн горимын таацыг зөв авдаг, үүнд зөв дүн шинжилгээ хийж, цаг тутмын нарийвчлалтай төлөвлөлт хийдэг болох шаардлага тулгарч байна. Харин валютын зөрүүний алдагдлыг дэмжих тарифаар төлбөр тооцоог хийж байна. Гэсэн хэдий ч шинээр орох үүсвэрүүдийн эдийн засгийн тооцооллыг улам нягт хийж сайжруулах шаардлага байсаар байна. Энэ хүндрэлүүдийг даван туулахад эрдэмтэн, инженер техникийн ажилтнууд та бүхнээс тодорхой саналуудыг сонсож, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Сэргээгдэх эрчим хүчийг төрөөс хөгжүүлэх хүрээнд Баруун бүс, Алтай улиастайн Эрчим хүчний системд “Дэлхийн Цаг уурын өөрчлөлтийн сан”-тай хамтран 20 МВт-ын нарны цахилгаан станц болон 5МВт-ын салхин цахилгаан станцыг барьж байгуулахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжихэд ББЭХС-нь Дөргөний УЦС-ын хажууд шинээр эх үүсвэртэй болж, Дизелийн хэрэглээнээс татгалзах юм. Цаашилбал ББЭХС эдийн засгийн хувьд тогтвортой, татаасгүйгээр ажиллаж, ард иргэдээ 100% цэвэр эрчим хүчээр хангах боломжтой болно.
Дээрх төсөл амжилттай хэрэгжсэнээр бусад аймгуудад түүчээлэн хэрэгжүүлэх боломж бүрдэж, цаашид сэргээгдэх эрчим хүчээр Эрчим хүчний асуудлуудыг шийдэх гарц бий болно.
Эрхэм хүндэт зочид оо, эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид аа.
Манай эх орныг зорин ирсэн та бүхэнд талархахын ялдамд дараахь саналуудыг хэлмээр байна.
Манай улс хөгжиж буй орны түвшинд байгаа хэдий ч, Дэлхийн ногоон хөгжил, Парисын гэрээ ба Киотогийн протоколыг амжилттай хэрэгжүүлж, Нэгдсэн үндэсний байгууллагын “Эрчим хүчийг бүх иргэдэд” зорилтыг амжилттай биелүүлсэн. Өнөөдөр монголын малчин өрх бүхэн харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийн өөрийн эх үүсвэртэй болж, гэр ахуйн хэрэгслийг бүрэн ашиглаж байна.
Манай Засгийн газар хөрөнгө оруулагчийн тогтвортой байдлын хүрээнд урьд урьдын хийсэн гэрээг хүндэтгэн Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжин ажиллаж байна. Мэдээж Монгол Улс нүүрсний нөөцөөр баян учраас нүүрсний ордод тулгуурласан экспортын зориулалттай том оврын станц барихаар төлөвлөж, үүнд СЭХ-ийн эх үүсвэрээс тодорхой хувийг дамжуулахаар гэрээ хэлэлцээр хийж байна.
Цаашилбал, бид дотоод хэрэглээгээ хангасны дүнд Эрчим хүч - ялангуяа Зүүн хойд азийг хангах боломжтой сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглан экспортлох чиглэлээр ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран Азийн сүпер сүлжээний судалгааг хийж эхлүүллээ. Энэ нь өөрөө бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжийг нээх юм.
Эцэст нь хэлэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн дагуу “Дээвэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ төсөлд тодорхой саналуудыг тусгахаар судалж байгаа болно.
Та бүхэн “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-д идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй ярилцан бодлогын түвшинд хэрхэн шийдвэрлэх боломжийн тухайд санал солилцохыг хүсч байна.
Та бүхэнд амжилт хүсье.