Өвөрхангай аймагт шинээр барих цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулан захиалагч байгуулагад хүлээлгэн өглөө
Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгууд нь Монгол Улсын төвийн томоохон суурьшлын төвүүд бөгөөд ирээдүйн хөгжлийн гол зангалаа төвүүд болох нь гарцаагүй билээ. Эдгээр аймгуудын хөгжлийн гол эх үүсвэр болох цахилгаан хангамж нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэд зэрэг хотуудад байрлах дулааны цахилгаан станцуудаас бүрдэх Төвийн бүсийн эрчим хүчний системээс 1000 гаруй км үргэлжлэх 110 кВ-ын ЦДАШ-аар дамжуулан цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа нь нэгдүгээрт ихээхэн хэмжээний шугамын алдагдал үүсэж байгаагийн зэрэгцээ реактив чадлыг хангах зорилгоор Булган-Хархорин- Арвайхээрийн дэд станцад 5-7 MВт-н реактор залгаж горимыг тохируулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын цаг уурын нөхцөл байдал Дэлхийн дулаарлаас хамаарч огцом өөрчлөлт болж цаг уурын аюултай үзэгдлийн давтамж жилээс жилд ихсэж гэнэтийн хүчтэй салхи, шуурга, цас бороо ихсэж байгаа нь эдгээр аймгуудын цахилгаан хангамж нэг талын ганц тэжээлтэй байгаа нь найдвартай эрчим хүчний хангамж болж чадахгүй байна. Тухайлбал олон км үргэлжлэх өндөр хүчдэлийн шугамд байгалийн хүчин зүйлээс болж өвлийн тэсгэм хүйтэнд тасралт үүсвэл эдгээр аймгууд нь хөлдөх аюултай билээ.
Иймд Эрчим хүчний яамнаас баталсан ажлын даалгавар, Баянтээг ХК-ийн хүсэлтийг харгалзан үзээд эдгээр аймгуудын эрчим хүчний найдвартай ажиллагаа, хэт хол шугамын алдагдлыг бууруулах зорилгоор Баянтээгийн нүүрсний уурхайн нүүрсний шинж чанарт тохирсон 20 МВт х 2 буюу 40 МВт суурилагдсан хүчин чадалтай байхаар цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан болно.
Станц ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг аймгуудын төв, сум, суурин газруудын цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийн үүргийг ханган ажиллах ба эдгээр аймгуудыг тэжээж буй ЦДАШ-ын алдагдлыг бууруулах болно.
Станцын үндсэн тоноглол болох зуухыг сонгохдоо нүүрсний илчлэг, байгаль орчинд ээлтэй технологи буюу галын хотлын шаталтын температур тоосон шаталттай зуухыг (1300~1500°C) бодвол бага (800~900°C) байдаг учраас NOx үүсэх нь бага, шохойн чулууг галын хотолд нэмж шатааснаар хүхрийн ислийг (SO2) барих боломжтой зэрэг давуу чанаруудыг харгалзан үзэж эргэлдэх буцламтгай давхаргатай шаталтын технологитой зуух сонгосон болно.
Турбиныг сонгохдоо нэгжийн дулаан зарцуулалт, дулааны циклийн үр өгөөж, хийцийн оновчлол, дулааны процессын шинж чанар, ТБЭХС-ийн горим ажиллагааг харгалзан үзэж 20 МВт-ын нэгж хүчин чадалтай 2 конденсацын турбиныг сонгож байна. Мөн усны хэрэглээг багасгах, орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй агаарын хөргөлттэй конденсаторыг ашигласан станц байна.
Цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр шинэ ажлын байр, ажиллагсдад зориулсан орон сууц, цэцэрлэг, сургууль бүхий иж бүрэн цогцолборууд бий болж, станцтай хамтарч ажиллах орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөсөж, нийгэмд үзүүлэх үр өгөөж нэмэгдэх юм.