“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ УХААЛАГ ШИЙДЛҮҮД-2019” НИЙТЛЭЛ, ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

Эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд эрчим хүчний системд ухаалаг тогтолцоог бүрдүүлж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх зорилгоор 2019 оныг эрчим хүчний салбарт “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Диспетчерийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ УХААЛАГ ШИЙДЛҮҮД-2019”   нийтлэл, илтгэлийн уралдааныг  монгол, англи хэл дээр зарлажээ.

Уралдаанд

Эрчим хүчний үйлдвэрлэлийн ухаалаг технологи, тоног төхөөрөмж
Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологи, програм хангамж
Реле хамгаалалт, автоматик, системийн тогтворжилт, хяналт, удирдлагын систем
Түгээх, дамжуулах сүлжээний ухаалаг тоолуур
Ухаалаг сүлжээний аюулгүй байдал
Түгээх сүлжээнд холбогдох сэргээгдэх эрчим хүчний систем
Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг
Эрчим хүчний хуримтлуурын систем
Эрчим хүчний өгөгдөл, мэдээллийг системийн менежмент
Эрчим хүчний технологи, удирдлагын систем /EMS/
Нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүчийг оновчтой горимоор ажиллуулах
Монгол Улсын цаг агаарын нөхцөл (бохирдолт, тоосжилт) нь ухаалаг системд үзүүлэх нөлөө
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан оргил ачааллыг бууруулах арга зам зэрэг сэдвийн хүрээнд нийт 22 бүтээл ирсэн байна.

Тус бүтээлүүдийг дүгнэх үйл ажиллагааг 2 үе шаттай зохион байгуулж эхний шатнаас шалгарсан 10-н монгол 1 англи хэл дээр бичигдсэн илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэлэлцүүлж шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

“ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ УХААЛАГ ШИЙДЛҮҮД-2019”   илтгэл, нийтлэлийн уралдаанд  ШУТИС-ийн ЭХС-ийн цахилгаан техникийн салбарын багш доктор Д.Пүрэвдаш, ШУТИС-ийн ГУУС-ийн уулын цахилгааны салбарын багш доктор, дэд профессор П.Ариунболор, ШУТИС-ийн ЭХС-ийн цахилгаан техникийн салбарын багш доктор, профессор Ч.Нацагдорж нарын хамтран бэлтгэж танилцуулсан “ЦАХИЛГААН ЭНЕРГИЙН ЧАНАРЫН ДИНАМИК ЗАГВАРЧЛАЛ БА СИМУЛЯТОРЫН БОЛОВСРУУЛАЛТ” сэдэвт бүтээл тэргүүн байр эзэлсэн байна

Хоёрдугаар байранд ШУТИС-ийн ЭХС-ийн цахилгаан инженерийн салбарын ахлах багш МУ-ын зөвлөх инженер Ж.Нандагсамба, доктор, дэд профессор Б.Бат-Ундрал нарын хамтран бэлтгэж танилцуулсан “УХААЛАГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ” сэдэвт бүтээл шалгарчээ.

Харин гуравдугаар байранд “ДЦС-ЫН ҮНДСЭН ТОНОГЛОЛЫН ТЕХНОЛОГИЙН ПРОЦЕССЫГ ЗАГВАРЧИЛСАН ТООЦООЛЛЫН ҮР ДҮН” сэдэвт бүтээлээр ШУТИС-ийн ЭХС-ийн багш, доктор Д.Чимэдсүрэн, ШУТИС-ийн ЭХС-ийн багш магистр Б.Баттөр нарын илтгэл шалгарсан байна.

ДҮТ ХХК-ийн Ахлах инженер Д.Ариунбаяр, ДҮТ ХХК-ийн горим тооцооны ахлах инженер А.Чойдорж нар тусгай шагнал хүртлээ. Мөн ЭХХТ-ийн Гадаад хамтын ажиллагаа төсөл хөтөлбөрийн хэлтэс, төсөл хөтөлбөр хариуцсан цахилгааны мэргэжилтэн С.Тэмүүлэн англи хэл дээр “УЛАМЖЛАЛТ БОЛОН СЭРГЭЭГДЭХ ЭХ ҮҮСВЭРҮҮДИЙГ ОНОВЧТОЙ ГОРИМООР АЖИЛУУЛСНААР ГАРАХ ҮР АШИГ” сэдэвт бүтээлээрээ шалгарчээ. Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Намуунаа “Дулааны шугам сүлжээний ил шугамын дулаан алдагдлын судалгаа” сэдэвт бүтээлээр оролцож шилдэг 10-н бүтээлийн нэгээр шалгарсан байна.