ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА. МЯДАГИЙН БУМ-АЮУШ (1940-2018)
ЭМГЭНЭЛ
МЯДАГИЙН БУМ-АЮУШ
(1940-2018)
Шинжлэх ухааны зүтгэлтэн, эрдэмтэн-судлаач, техникийн ухааны доктор дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер Мядагийн Бум-Аюуш 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Шинжлэх ухааны болон Эрчим хүчний салбарт хүнд гарз тохиолоо.
Мядагийн Бум-Аюуш нь 1940 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт малчин ардын гэр бүлд мэндэлжээ. Дэлгэрцогт сумын 7 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотын 2 дугаар арван жилийн дунд сургууль, 1959-1965 онд ОХУ-ын Ленинград хотын Политехникийн дээд сургуулийг турбины инженер мэргэжлээр суралцан төгссөн байна.
Москвагийн эрчим хүчний дээд сургууль (МЭИ)-ийн аспирантурт суралцан 1980 онд “Монгол орны нөхцөлд Дулааны цахилгааны төвийн дулаанжуулалтын илтгэлцүүр ба чадлыг оновчлох арга” сэдвээр техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Тэрбээр 1965-1972 онд Улаанбаатар хотын Төв цахилгаан станцад турбин цехийн инженер, дарга, 1972-1976 онд Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм шинжилгээ зураг төслийн институтэд эрдэм шинжилгээний ажилтан, 1976-1979 онд Москва хотын Эрчим хүчний институтэд аспирант, 1980-1984 онд Түлш, эрчим хүчний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1986-1990 онд МАХН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтсийн зааварлагч, 1990-1997 онд Эрчим хүчний хүрээлэнгийн захирал, 1997-1999 онд Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн “Эрчим корпораци”-д судалгааны ажлын төслийн удирдагч, 1999-2001 онд Эрчим хүчний удирдах газар ахлах мэргэжилтэн, 2002-2014 онд Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн “Эрчим корпораци”-ийн гүйцэтгэх захирал, 2014 оноос Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байлаа. Шинжлэх ухааны байгууллагад ажиллахын зэрэгцээ Политехникийн дээд сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Үндэсний техникийн их сургуульд тус тус багшилж эзэмшсэн мэргэжлээрээ олон арван мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан техникийн шинжлэх ухаан, Эрчим хүчний салбарын чадварлаг зохион байгуулагч удирдах ажилтан, эрдэмтэн байлаа.
Дулааны цахилгаан станц, төвлөрсөн дулаан хангамжийн системийн техник эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх арга аргачлалыг боловсруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, түлш эрчим хүчний балансыг төгөлдөржүүлэх, эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл зохиох, норм, норматив тогтоох зэрэг чиглэлээр судалгаа явуулан олон арван эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна.
Монголын эрчим хүчний ассоциацийн зөвлөх эрдэмтэн М.Бум-Аюуш нь сүүлийн жилүүдэд Эрчим хүчний салбарыг өргөтгөх судалгаа явуулах, эрчим хүчний алдагдлыг бууруулах, эрчим хүчний аудит хийх ажилд идэвхийлэн оролцон ажиллаж байв.
Эрдэмтэн М.Бум-Аюушийн шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиуд, МХЗЭ-ийн Төв хорооны тэргүүний ажилтан, ШУА-ийн хүндэт үнэмлэх, Эрчим хүчний, шинжлэх ухааны, барилгын салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.
Монгол Улсын эрчим хүчний шинжлэх ухаан, зураг төслийн ажлын нэр хүндийг өндөрт өргөн авч явсан эрдэмтэн Мядагийн Бум-Аюушийн итгэл сэтгэл, алдар гавьяа, удирдан зохион байгуулах өндөр ур чадвар, үнэнч шударга, эгэл даруу, нөхөрсөг зан чанар, гэгээн дүр, бүтээл туурвил бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн дурсагдах болно.
Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Ум сайн амгалан болтугай.
“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН” ТӨҮГ