Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа- 2018 ээлжит форумд оролцлоо


 

НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-оос зохион байгуулж буй “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа- 2018” форум 2018 оны 10 -р сарын 31-ээс 11-р сарын 1-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан юм. Энэхүү форумд тус хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал “Эрчим хүчний нэгдсэн сүлжээн дэх Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал ба дэвшил” сэдэвт илтгэлээрээ оролцов.


 

Форумын эхний хуралдаан “Үндэсний болон хамтарсан техник эдийн засгийн үндэслэл, төлөвлөлтүүд” сэдвийг сонгожээ. Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханы удирдах уг хуралдаан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ буюу олны дунд нэршсэнээр Азийн супер сүлжээг онцоллоо. Монгол,  БНХАУ, ОХУ, Япон, Өмнөд болон Хойд Солонгосыг хамарсан  Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний ТЭЗҮ-ийн нарийвчилсан судалгааг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж, дуусах шатандаа явж байгаа. Энэхүү судалгааны тайлангийн явцыг хуралдааны үеэр танилцуулсан юм. Тус хуралдаанд Японы сэргээгдэх эрчим хүчний институт, Россети ХК, Солонгосын цахилгаан эрчим хүчний корпораци буюу KEPCO-гоос төлөөллүүд оролцож байна. Мөн Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн удирдагч энэ хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлжээ.


Форумд  Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний оролцогч улсуудын Засгийн газрууд, эрчим хүчний корпорацууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрчим хүчний салбарт оролцож буй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.
Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн, Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги тѳслийн зохицуулагч Б.Бямбасайхан: Энэ бүсийн улс орнууд  эрчим хүчээ өөр хоорондоо худалдаалах өндөр боломжтой. Яг энэ чиглэлээр төрөл бүрийн судалгаа хийж байна. Эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллагаас хийсэн судалгаагаар гэхэд л  Монголд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу цахилгаан станцууд барьж, Хятад, Япон, Солонгосын зах зээл рүү нийлүүлбэл хэн хэндээ ашигтай гэсэн тоцоолол гарч байна. Манай улс нар, салхины эрчим хүчний нөөц ихтэй. Азийн хөгжлийн банкны судалгааны хүрээнд GIS загварыг ашиглан Монголын газар нутгийн 40 хувьд нь сэргээгдэх эрчим хүчний станцууд барих техникийн боломжтой гэсэн үр дүн гарсан. Хамгийн нѳѳц сайтай буюу салхи 8м/с дээш, нар GHI 1700кВц/м2 нѳѳцтэй бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Ѳвѳрхангай, Дундговь, Дорноговь, Ѳмнѳговь аймгийн нутаг хамрагдаж байгаа. Цэвэр эрчим хүч экспорт хийхэд салхины 200 гигаватт нѳѳц, нарны 1200 гигаватт нѳѳц гэсэн тооцоолол гарч байна. Өмнө нь бид боломж бий гэж ярьдаг байсан бол өнөөдөр судалж үзээд нотолчихлоо. Энэ үр дүнг маш олон хүн сонирхож байна. Монголоос сэргээгдэх эрчим хүч экспортлох нь бидний гол зорилго. Манай улсад “Софтбанк” хөрөнгө оруулж эрсдэлээ хүлээгээд явж байгаа. Бүс нутгийн бусад орнуудад ч хөрөнгө оруулаад эхэлсэн. Энэтхэгийн зах зээлд хөрөнгө оруулж байна. Эрсдэл үүрч хөрөнгө оруулаад идэвхтэй ажиллаж яваа компани. Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний байгууллагын нэг гишүүн нь  Солонгосын эрчим хүчний КЕПКО компани. Маш идэвхтэй оролцоотой. ОХУ-ын цахилгаан дамжуулах сүлжээний  “Россеть” компани мөн оролцож байгаа. Дэлхийн хамгийн том компаниудын нэг болох Хятадын цахилгаан дамжуулах сүлжээний оператор “Стэйт грид”  компани бас манлайлан оролцож байна. Японы хувьд Софтбанкнаас гадна судалгааны томоохон байгууллагууд ч оролцож байгаа.

-Монгол Улсын зөвлөх инженер П.Товуудорж: Өөрийгөө эрчим хүчээр хангаж чадахгүй байж, эрчим хүч экспортлох нь холын санаа гэдэг. Энэ салбарт амьдралаа зориулсан хүний хувьд би тэгж хардаггүй. Харин ч алдаж болохгүй алтан боломж. Манай улс сэргээгдэх эрчим хүч, нүүрс, уран зэрэг эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түүхий эдийн хувьд баялаг нөөцтэй. Гэсэн хэр нь дотоодын хэрэгцээ багатай. Энэ бүс нутагт эдийн засгийн топ 10-аас дөрвөн орон нь байна. Дэлхийн хүн амын 25, эдийн засгийн 25, эрчим хүчний хэрэглээний 30 хувь нь энэ бүс нутагт бий. Өөрөөр хэлбэл, маш том эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Орос, Хятадын тухайд Монголоос илүү эрчим хүчний нөөц баялагтай ч тодорхой асуудлууд бий. Хятад дэлхийн эрчим хүчний номер нэг хэрэглэгч. Асар их эрчим хүчний эрэлт хэрэгцээ ирээдүйд үүснэ. Ирээдүйд 300 сая хүн ядуурлын доод түвшингээс дунд түвшинд шилжинэ гэсэн тооцоо таамаг бий. Ингээд харахаар урд хөршид эрчим хүчний асар их эрэлт үүснэ. Хятадын эрчим хүчний хэрэглээ жилд 3.5 хувиар өсдөг. Жилийн 190 тэрбум киловатт/цаг, 40-50 гигаватт цахилгаан хэрэглэж байна.  Монголоос 40-50 дахин их эх үүсвэр.Тэгэхээр Монголд боломж байна гэсэн үг. Энэ удаагийн форумаар таван хурал зохион байгуулна. Эхнийх болон төгсгөлийн хурал нь Монголд болно. Хоёр дахь хурал нь БНСУ-д, гурав дахь нь өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон. Дараагийнх нь өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон. Ирэх оны тавдугаар сард Азийн хөгжлийн банктай хамтран эхлүүлсэн судалгааны төсөл дуусах ёстой. Тэр үед Монголд төслийнхөө хаалтыг хийж, үр дүнгээ хэлэлцүүлнэ

-“Монхорус интернэшнл” компанийн эрчим хүч, бизнес хөгжлийн газрын захирал Б.Батлхагва: Энэ сүлжээний нарийвчилсан ТЭЗҮ хийх санхүүжилтийг Азийн хөгжлийн банк гаргаж байгаа. Өнгөрсөн жилийн дундаас  нарийвчилсан судалгааны ажлууд эхэлсэн.  Ирэх жилийн тавдугаар сар гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын газар нутаг хэчнээн хэмжээний нар, салхины нөөцтэйг хамгийн сүүлийн үеийн аргачлалаар шинэчлэн тогтоосон.  Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих боломжгүй газрууд, тархлагдсан газрууд, тусгай хамгаалалттай газрууд зэргийг хасч тооцоогоо хийсэн. Эцэст нь  хаана, ямар газарт эх үүсвэрээ барьж болох вэ гэдгийг тогтоогоод байна. Эндээс үндэслэн хамгийн сүүлийн үеийн технологиор хэр  хүчин чадлын эх үүсвэр барих боломжтой талаар тооцоо хийгдсэн. Хятадын зүүн сүлжээний бүх эрчим хүчнийх нь мэдээллийг нарийвчилсан байдлаар ашиглаж, тэнд нь Монголын эрчим хүчний системийн нарийвчилсан өгөгдлүүдийг оруулж, ОХУ болон Солонгос, Японы сүлжээг хялбаршуулсан модел байдлаар багтааж  горимын тооцоо судалгааны ажлуудыг хийсэн. Энэ бол их чухал тооцоо. Бүс нутгийн хэмжээнд  том чадлын цахилгаан дамжуулах хэт өндөр хүчдэлийн шугамуудаар хооронд нь холбож горимын тооцоо хийсэн юм. Жинхэнэ утгаар нь горимын тооцоо, статик, динамик тогтворжилтын тооцоог нь хийж шалгасан гэсэн үг. Үндсэндээ нарийвчилсан судалгааны ажил дуусахаар шууд хөрөнгө оруулалтын төслүүд яваад эхлэх боломжтой болно. Хамгийн том суурь судалгааны ажлууд хийгдээд дуусч байна гэсэн үг. Үүгээрээ өндөр ач холбогдолтой.

- oOo -