Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооноос зохион байгуулсан "ИНЖЕНЕРИЙН ЛЕКЦИЙН ЦАГ” арга хэмжээ болж өнгөрөв

 


Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо /МЭХИХ/-ноос "ИНЖЕНЕРИЙН ЛЕКЦИЙН ЦАГ” арга хэмжээг энэ сарын 26-ны өдөр "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн  хурлын зааланд зохион байгууллаа. Тус уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Монголын эрчим хүчний  инженерүүдийн холбооны удирдлагууд болон Эрчим Хүчний Хөгжлийн Төв, "ДҮТ” ХХК, "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК, "УБЦТС” ТӨХК, Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэн, "Эрчим сүлжээ” ХХК-ийн 200 гаруй инженер техникийн ажилтнууд оролцсон юм. Энэхүү арга хэмжээг Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Р.Ганжуур нээж, тус холбооны Ерөнхийлөгч, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан  холбооны талаарх танилцуулга, 2018 онд хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Өнөрцэцэг Монголын эрчим хүчний  инженерүүдийн холбооноос 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний хүрээнд эрчим хүчний салбарын инженерүүдийн дунд зарлаж буй "ГУРВАН БОЛЗОЛТ УРАЛДААН”-ы шалгуур үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.  Энэ үеэр АНУ-ын Виржинийн Олон Улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, ШУТИС-ийн докторант, Монгол улсын зөвлөх инженер  П.Товуудорж "Эрчим хүчний системийн бие даасан байдлыг хангах тухай” сэдвээр, Австрали Улсын Технологийн Их сургуулийн докторант М.Энхцэцэг "Эрчим хүчний системийн тогтворжилт, судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.  Арга хэмжээний төгсгөлд  Монголын эрчим хүчний  инженерүүдийн холбооны салбар зөвлөлийг байгуулж, дарга, нарийн бичгийн дарга нарыг тус тус томиллоо. Эрчим Хүчний Хөгжлийн Төвийн Ерөнхий инженер  Б.Дашдондог, "ДҮТ” ХХК-ийн Ерөнхий инженер Л.Бөхболд, "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Д.Чинбат, "УБЦТС” ТӨХК-ийн Ерөнхий инженер Л.Ганзориг, Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн Ерөнхий инженер Р.Батцэцэг, "Эрчим сүлжээ” ХХК-ийн Ерөнхий инженер Н.Нямдаваа өөр өөрсдийн байгууллага дээрх Монголын эрчим хүчний  инженерүүдийн холбооны салбар зөвлөлийг удирдаж ажиллахаар сонгогдлоо. 

Монголын эрчим хүчний  инженерүүдийн холбооноос дараах уралдаануудыг зарлаад байгаа бөгөөд Та бүхэн Гурван болзолт уралдааны удирдамжийг татаж авах боломжтой.


1. "БИ-ИНЖЕНЕР” Эрчим хүчний шилдэг бүтээлч инженер шалгаруулах болзол
2. "ХЭРЭГЦЭЭ-ХЭРЭГЛЭЭ-ХЭМНЭЛТ” Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл боловсруулах болзол
3. Эрчим хүчний инженерингийн "ШИЛДЭГ ӨГҮҮЛЭЛ” шалгаруулах уралдааны болзол


Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо http://erc.gov.mn/index.php?newsid=781